Орхон Их Сургууль

“Орхон” их сургууль Доктор(Ph.D), профессор Н.Хажидсүрэнгийн санаачилгаар Боловсролын сайдын 1992 оны 03 сарын 24-ний өдрийн 07 тоот тушаалаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэн, эдүгээ 25 дахь хичээлийн жилдээ сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.

Хоёр удаа магадлан итгэмжлэгдсэн, Монголын Их дээд Сургуулиудын консорциумын гишүүн /МИДСК/,  Монголын хэрэглэгчдийн итгэмжлэгдсэн байгууллага,  төрийн бус өмчийн ууган сургуулиудын нэг.

Сургалтын зориулалттай, өөрийн эзэмшлийн 15012м2 ашигтай талбай бүхий хичээлийн 5 байр, оюутны дотуур байр-2, багш, ажилчдын 42 айлын орон сууцтай.

Удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл, захирлын зөвлөл, магистрантур, докторантурын сургалтын алба, оюутны холбоо зэрэг нэгжүүд сургалтын үйл ажиллагааг сургуулийн дотоод дүрэм журмаар зохицуулан явуулж байна.

Орхон Их Сургууль  бүрэлдэхэүүн 3 сургууль, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Орхон боловсрол сан”, дадлагын бааз суурь “Орхон-ХаСү” олон улсын бүрэн дунд сургууль, “Орхоны багачууд” цэцэрлэг, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр “Нүүдэлчдийн соёл иргэншлийн академи” ТББ, “Монгол Саха түншлэлийн холбоо” ТББ-аас бүрддэг.

Сургуулийн дэргэдэх гарааны компани “ББВЖ” ХХК, түүнчлэн ирээдүйд сургуулиа их сургуулийн хотхон болгон хөгжүүлэх Төв аймгийн Эрдэнэ сум дахь таван га газар, Төв аймгийн Баянцогт сумын нутаг дахь оюутны дадлагын түшиц газар “Түүхт Ази”  цогцолборт оюутнууд дадлага хийх, суралцагчдад зориулсан зуны сургалтыг тогтмол зохион байгуулж байна.

Спорт заал, номын сан, багш, ажилчид, оюутанд үйлчлэх 100 хүний суудалтай оюутны цайны газар, 140 хүний багтаамжтай, интернэтийн бүрэн холболт бүхий оюутны дотуур байр, 100 хүний багтаамжтай гадаад багш, оюутны байрыг шинээр ашиглалтад орууллаа.

Сургуулийн гадаад харилцаа жилээс жилд өргөжин, БНСУ, Япон улс, БНХАУ, АНУ, ХБНГУ, Щвейцарийн Холбооны улс, Австрийн холбооны улс, БНЭУ зэрэг улсуудын их дээд сургуулиуд, коллеж, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, оюутан, сурагч солилцооны хос дипломтой хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж  байна. Орхон их сургуулийн оюутнууд бакалавр, магистрантур, докторантурын хөтөлбөрүүдээс сонгон, төрийн болон “Орхон боловсрол сан”-ийн аливаа тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдан суралцах боломжтой байдаг.

Тус сургууль бакалаврын 22, магистрын 7, докторын 3 хөтөлбөрөөр сургалт явуулж, англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшин, олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэх зорилготой ажиллаж байна.