Засгийн газрын 2016 оны 111 дугаар
тогтоолын 3 дугаар хавсралт

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1.Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зохих журмын дагуу элсэн үндсэн сургалтын хэлбэрээр суралцаж байгаа Монгол Улсын иргэн (цаашид “оюутан” гэх)-д оюутны хөгжлийн зээл олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Оюутны хөгжлийн зээлийн зорилго нь  дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч оюутны сурах бололцоог нэмэгдүүлэх,  дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

1.3. Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.3.1.”Оюутны хөгжлийн зээл” гэж /цаашид “зээл” гэх/ дээд боловсролын байгууллагад үндсэн сургалтын хэлбэрээр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөрт нь зориулан олгож буй хөгжлийн зээлийг

1.3.2. “Оюутны хөгжлийн зээлийн хүү” гэж сургалтын төлбөрийн зээл олгох үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах зардлын хэмжээг;

1.3.3. “Зээлийн хэмжээ” гэж сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон нэг кредит /багц цаг/ цагийн үнэлгээг оюутны сонгосон хичээлийн нийт кредитээр үржүүлсэнд гарах хэмжээг;

1.3.4. “Хүү бууруулах зээл” гэж оюутны сургалтын төлбөрийн зориулалтаар өмнө нь олгогдсон зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй зээлд шилжүүлэх зээлийг;

1.3.5. “Богино хугацаатай зээл” гэж тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн зориулалтаар авсан 1 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг;

1.3.6. “Урт хугацаатай зээл” гэж Монгол Улсын Дээд боловсролын тухай хуульд заасан бакалаврын дээд боловсрол эзэмших үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жил бүр сургалтын төлбөр төлөхөд зориулж авсан 10 хүртэлх жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг;

1.3.7. “Суралцах хугацаа” гэж Монгол Улсын Дээд боловсролын тухай хуульд заасан бакалаврын сургалтад шаардагдах үндсэн сургалтын хугацааг;

1.3.8. “Оролцогч банк” гэж /цаашид “банк” гэх/ сургалтын төлбөрийн зээл олгохоор Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулсан банкийг;

1.3.9. “Оролцогч сургууль” гэж /цаашид “сургууль” гэх/ Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулсан,сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, байгууллагын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагыг;

1.3.10. “Оюутны гэр бүлийн гишүүн” гэдэгт эцэг, эх, эмээ, өвөө, төрсөнах, эгч, дүү, асран хамгаалагчийг;

Хоёр. Зээлийн санхүүжилт

2.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зээлийн санхүүжилтийг Боловсролын зээлийн сангийн төсөвт тусгана.

2.2. Боловсролын зээлийн сан зээлийг арилжааны банкаар дамжуулж олгоно.

2.3. Зээлийн эргэн төлөлтийн эрсдлийг арилжааны банк хариуцана.

2.4. Зээлийн эргэн төлөлтөөс тодорхой хувиар тооцож Боловсролын зээлийн сангийн эргэлтийн хөрөнгийн хуримтлалыг бүрдүүлнэ.

2.5. Зээлийн эргэлтийн хөрөнгийн хуримтлалыг Боловсролын зээлийн сан бүрдэх хүртэл хугацаанд улсын төсвөөс санхүүжүүлнэ.

2.6. Зээлийн эргэлтийн хөрөнгийг Боловсролын зээлийн сангаас улсын төсөвт буцаан төвлөрүүлэхгүй.

 

Гурав. Талуудын эрх, үүрэг

3.1.Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг:

 3.1.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь зээлийн төсвийн төслийг хянан  санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

3.1.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Боловсролын зээлийн сангийн төсвийг хянаж, батлуулах, санхүүжүүлэх.

 

3.2.Боловсролын зээлийн сан дараах эрх үүрэгтэй байна:

 3.2.1.Зээлийн төсвийн төсөл боловсруулж, батлуулах;

3.2.2. Зээлийн санхүүжилтийг зарцуулах, хянах;

3.2.3. Зээлийг 2 хувийн хүүтэйгээр банкинд олгох;

3.2.4. Зээлийн эргэлтийн хуримтлалыг бүрдүүлэх;

3.2.5. Оролцогч банк, сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулах;

3.2.6. Зээлийн санхүүжилттэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах;

3.2.7.  Зээлийн санхүүжилтийн тайлан гаргах;

3.2.8. Зээлийн талаарх банкны тайланг хүлээн авч хянан нэгтгэх;

3.2.9.Боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад зээлийн тайланг нэгтгэж, тайлагнах;

 

3.3.Банк дараах эрх, үүрэгтэй:

3.3.1.Боловсролын зээлийн сан, сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулах;

3.3.2. Оюутанд жилийн 5 хувийн хүүтэй зээл олгох;

3.3.3.  Зээлийн эрсдлийг бүрэн хариуцах;

3.3.4. Оюутанд олгосон зээлийн 5 хувиар сургуулийн зээлийн эрсдлийн сан

бүрдүүлэх, зээлийн гэрээний гүйцэтгэлийг дүгнэх;

3.3.5.Оюутны авсан зээлийг зөвхөн сургуулийн дансанд шилжүүлэх;

3.3.6. Зээлийн талаар сургууль, суралцагч, эцэг эх, олон нийтэд сурталчлах, таниулах ажлыг Боловсролын зээлийн сан, сургуультай хамтран зохион байгуулах;

3.3.7. Зээлийн санхүүжилтийн тайланг долоо хоног, сар, улирал, жил тутам гарган санхүү,төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын зээлийн санд тус тус хүргүүлэх;

3.3.8. Зээл авахад үйлчилгээний шимтгэл, хураамж авахгүй байх.

 

3.4. Сургууль дараах эрх, үүрэгтэй байна:

 3.4.1.Боловролын зээлийн сан, банктай хамтран ажиллах гэрээ байгуулах;

3.4.2. Зээлийн болон эрсдлийн дансыг банкинд байршуулах;

3.4.3. Банкинд байршуулсан сургалтын төлбөрийн орлогын дансыг өөр банкинд шилжүүлэхгүй байх;

3.4.4. Зээлийн 5 хувийг банкин дахь сургуулийн эрсдлийн дансанд байршуулах;

3.4.5. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд сургалтын хөтөлбөр, оюутны шилжилт хөдөлгөөн, дүн, холбогдох бусад мэдээллийг тогтоосон хугацаанд оруулах;

3.4.6. Төгсөгчдийн тандалтын судалгаа хийх;

3.4.7. Зээлийн талаар сургууль, суралцагч, эцэг эх, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулах;

3.5. Оюутны эрх, үүрэг

 3.5. Оюутны эрх, үүргийг банк, оюутан хооронд байгуулах зээлийн гэрээнд тусгана.

Дөрөв. Зээлийн нөхцөл, шаардлага

 4.1. Энэхүү журмын хүрээнд дараах 3 төрлийн зээлийг олгоно.

4.1.1. Хүү бууруулах зээл;

4.1.2.  Богино хугацаатай зээл;

4.1.3   Урт хугацаатай зээл;

4.2. Энэхүү журмын 4.1-д заасан зээлийн хүү жилийн 5 хувь байна.

 4.3. Зээлийг дараах хугацаагаар олгоно.

4.3.1.Хүү бууруулах зээлийн хугацаа  цалин, тэтгэврийн зээлийн дуусах

хугацаатай тэнцүү байна.

4.3.2 Богино хугацаатай зээлийн хугацаа 12 сар хүртэл

4.3.3. Урт хугацаатай зээлийн хугацаа 10 жил хүртэл

4.4. Зээлд хамрагдах оюутан дараах ерөнхий шаардлагыг хангасан байна.

4.4.1. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;

4.4.2. Боловсролын нэгдсэн мэдээллийн сандбүртгэлтэйбайх;

4.4.3. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр

бүлийн гишүүн байх;

 4.5. Хүү бууруулах болон богино хугацаатай зээлд хамрагдах оюутан энэхүү журмын 4.4- т заасан ерөнхий шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.

 4.5.1. Дээд боловсролын сургалтын байгууллагад шинээр элсэн орсон оюутны  хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын  голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх;

4.5.2.Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар /эх хувиар/;

4.6. Урт хугацаатай зээлд хамрагдах оюутан энэхүү журмын 4.4- т заасан ерөнхий шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.

4.6.1.Их, дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэлх хугацаанд эргэн төлөх:

4.6.2.Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилна.

4.6.3.Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсанаас  хойш сар бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлнө.

4.6.4.Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд 2 хүртэлх удаа байж болно.

4.6.5. Дээд боловсролын сургалтын байгууллагад шинээр элсэн орсон оюутны  хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.3, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байна.,

4.7.Зээлд хамрагдах оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлж банкинд хандана.

4.7.1. Зээл хүссэн өргөдөл;

4.7.2. Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан

хуулбар;

4.7.3. Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/;

4.7.4. Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар

баталгаажуулсан хуулбар;

4.7.5. Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн

нотариатаар баталгаажуулсан хуулбар;

 

Тав. Мэдээлэл, тайлан

5.1.Боловсролын зээлийн сан нь оюутны зээлийн мэдээллийг боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэнэ.

5.2.Банк зээлийн мэдээллийг гэрээнд заасан хугацааны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын зээлийн санд тус тус ирүүлнэ.

 

Зургаа. Хяналт, хариуцлага

 6.1.Банкинд олгосон зээлийн эх үүсвэрийн зориулалт, эргэн төлөлтөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

6.2.Боловсролын зээлийн сан нь талуудын хооронд байгуулсан гэрээний биелэлтэд хяналт тавина.

6.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай тохиолдолд зээлийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, ашиглалтад хяналт, шалгалт хийнэ.

6.4.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

—о0о—